22.3 FreeBSD-г хост буюу эх OS маягаар ашиглах

Олон жилийн туршид FreeBSD нь аль нэг виртуалчлах шийдлийн хувьд албан ёсоор эх OS маягаар ашиглагдах боломжгүй байлаа. Зарим хүмүүс Linux®-ийн хоёртын нийлэмжтэй давхаргыг хэрэглэдэг VMware-ийн ихэвчлэн хуучирсан хувилбарыг (emulators/vmware3 шиг) ашигладаг байлаа. FreeBSD 7.2 хувилбар гарсны дөнгөж дараахан Sun-ий VirtualBox-ийн Нээлттэй Эх Хувилбар (Open Source Edition (OSE) портын цуглуулгад FreeBSD-ийн эх програм хэлбэрээр орсон.

VirtualBox нь идэвхтэйгээр хөгжүүлэгдэж байгаа бүрэн хэмжээний виртуалчлалын багц бөгөөд Windows®, Mac OS®, Linux ба FreeBSD зэрэг ихэнх үйлдлийн системүүдийн хувьд байдаг. Энэ нь Windows эсвэл UNIX® төст зочин үйлдлийн системүүдийг адил хэмжээгээр ажиллуулах чадвартай юм. Хоёр төрлийн байдаг бөгөөд нэг нь нээлттэй эх нөгөө нь арилжааны хувилбар юм. Хэрэглэгчийн зүгээс харахад OSE-ийн хамгийн гол хязгаарлалт нь USB-ийн дэмжлэг байхгүй явдал юм. Өөр бусад ялгаануудыг http://www.virtualbox.org/wiki/Editions дахь VirtualBox-ийн викигийн “Editions” буюу хувилбарууд хуудаснаас олж болно. Одоогоор зөвхөн OSE FreeBSD-ийн хувьд байгаа болно.

22.3.1 VirtualBox™ суулгах нь

VirtualBox нь FreeBSD-ийн порт хэлбэрээр emulators/virtualbox-ose санд байрладаг бөгөөд дараах тушаалыг ашиглан суулгаж болно:

# cd /usr/ports/emulators/virtualbox-ose
# make install clean

Тохиргооны цонхон дээрх сонголтуудаас ашигтай нэг нь GuestAdditions буюу зочин нэмэлтүүд програмууд юм. Эдгээр нь хулганын заагчийн нэгдэл (хулганыг эх болон зочин үйлдлийн системийн хооронд гарын тусгай хослол дарж шилжих шаардлагагүйгээр хуваалцан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг) болон ялангуяа Windows зочдын хувьд илүү хурдан видео харуулах зэрэг зочин үйлдлийн системүүдийг хэд хэдэн ашигтай боломжуудаар хангадаг. Зочны нэмэлтүүд нь зочин үйлдлийн системийг суулгаж дууссаны дараа Devices цэсэнд байх болно.

VirtualBox-ийг анх удаа эхлүүлэхээсээ өмнө хэдэн тохиргооны өөрчлөлтүүдийг хийх ёстой. Порт цөмийн модулийг /boot/modules санд суулгах бөгөөд ажиллаж байгаа цөмд дараах тушаалаар дуудах ёстой:

# kldload vboxdrv

Модулийг дахин ачаалсны дараа үргэлж дуудагддаг байхаар тохируулахын тулд дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмнэ:

vboxdrv_load="YES"

3.1.2-оос өмнөх VirtualBox-ийн хувилбарууд нь proc файлын системийг холбосон байхыг бас шаарддаг. sysctl(3) сангийн дэмждэг функцуудыг ашигладаг сүүлийн үеийн хувилбаруудад энэ нь шаардлагагүй байдаг.

Портын хуучин хувилбарыг ашиглаж байгаа тохиолдолд proc-ийг зөв холбохын тулд доорх зааврыг дагаарай:

# mount -t procfs proc /proc

Дахин ачаалсны дараа ажилладаг байхаар тохируулахын тулд дараах мөр /etc/fstab файлд шаардлагатай:

proc   /proc   procfs  rw  0   0

Note: VirtualBox-ийг терминалаас ажиллуулахад алдааны мэдээлэл дараах шиг харагдвал:

VirtualBox: supR3HardenedExecDir: couldn't read "", errno=2 cchLink=-1

Магадгүй шалтгаан нь proc файлын систем байх болно. Зөв холбогдсон эсэхийг шалгахын тулд mount тушаалыг ашиглана уу.

vboxusers бүлэг VirtualBox-г суулгах явцад үүсгэгддэг. VirtualBox-д хандах шаардлагатай бүх хэрэглэгчид энэ бүлгийн гишүүн болж нэмэгдсэн байх ёстой. pw тушаалыг шинэ гишүүдийг нэмэхэд хэрэглэж болно:

# pw groupmod vboxusers -m yourusername

VirtualBox-ийг ажиллуулахын тулд график орчны цэснээс Sun VirtualBox-г сонгох юм уу эсвэл дараахийг терминал дээр бичиж ажиллуулах хэрэгтэй:

% VirtualBox

VirtualBox-ийг тохируулж ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.virtualbox.org албан ёсны вэб сайтад хандаж үзнэ үү. FreeBSD-ийн порт нь хамгийн сүүлийн үеийнх бөгөөд маш эрчимтэй хөгжүүлэлт хийгдэж байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон алдааг олж засварлах заавруудыг FreeBSD-ийн вики http://wiki.FreeBSD.org/VirtualBox дэх тохирох хуудсанд хандаж үзнэ үү.

22.3.2 Виртуалчлалын бусад сонголтууд

FreeBSD дээр Xen-ийг хост орчин хэлбэрээр ажиллуулахаар ажил хийгдэж байгаа болно.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.