4.5 Портын цуглуулгыг хэрэглэх нь

Дараах хэсэгт системдээ портын цуглуулгыг ашиглан хэрхэн програм суулгах болон устгах талаар өгүүлэх болно. make хөрвүүлэгчийн байршил болон орчны хувьсагчийн тухай нэмэлт тодорхой мэдээллийг ports(7) хуудаснаас харна уу.

4.5.1 Портын цуглуулгыг суулгах нь

Порт суулгахаасаа өмнө нь /usr/ports сан дотор Makefiles, patches буюу нөхөгч файл, мөн тодорхойлолт файлуудыг агуулсан портын цуглуулгыг суулгах хэрэгтэй.

FreeBSD-г суулгах үед sysinstall програм танаас портын цуглуулгыг суулгах эсэхийг тань асуудаг. Хэрэв та тэр үед үгүй гэж хариулсан бол энэ хэсэгт хэрхэн суулгах талаар тайлбарлана:

CVSup арга

Энэ арга нь CVSup протоколыг ашиглан портын цуглуулгаа суулгаж мөн байнга шинэчилж болох хамгийн түргэн арга юм. Хэрэв та CVSup-н талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал CVSup-г хэрэглэх нь хэсгээс хараарай.

Note: FreeBSD системд орсон CVSup протоколын шийдэл нь csup гэж нэрлэгддэг. Энэ нь FreeBSD 6.2-т анх удаа орсон. Хуучин FreeBSD хувилбарын хэрэглэгчид үүнийг net/csup порт/багцын тусламжтайгаар суулгаж болно.

csup-г анх удаагаа ажиллуулахынхаа өмнө /usr/ports санг хоосон байлгах хэрэгтэй. Хэрэв уг сан дотор өөр эх сурвалжаас суулгасан портын цуглуулга байвал, csup нь уг файлуудыг шинэчилж нөхдөггүй билээ.

  1. csup тушаалыг ажиллуулна:

    # csup -L 2 -h cvsup.FreeBSD.org /usr/share/examples/cvsup/ports-supfile
    

    cvsup.FreeBSD.org гэдгийг өөртэйгээ ойрхон орших CVSup серверийн нэрээр солих хэрэгтэй. CVSup толин тусгалууд (Section A.6.7) хэсгээс толин тусгал хуудаснуудын бүрэн жагсаалтыг хараарай.

    Note: Зарим нэг нь өөрийнхөө бэлтгэсэн ports-supfile файлыг хэрэглэхийг хүсэж болох юм. Ингэсэн үед тушаал бичих мөрөнд CVSup серверийн нэрийг бичих шаардлага гардаггүй.

    1. Ингэхийг хүссэн үед root эрхээр ороод /usr/share/examples/cvsup/ports-supfile файлыг шинэ сан уруу хуулах хэрэгтэй. Жишээлбэл /root юм уу эсвэл өөрийнхөө эхлэл санд хуулж болно.

    2. ports-supfile файлыг засварлана.

    3. CHANGE_THIS.FreeBSD.org мөрийг өөртэйгөө ойрхон буй CVSup серверийн нэрээр сольно. CVSup Толин тусгалууд (Section A.6.7) хэсэгт толин тусгалуудын бүрэн жагсаалтыг харж болно.

    4. Одоо csup-г ажиллуулахын тулд дараах алхмыг хийх хэрэгтэй:

      # csup -L 2 /root/ports-supfile
      
  2. Дараа нь csup(1) тушаалыг ажиллуулснаар тухайн үед хөрвүүлж байгаа портуудыг эс оруулаад бүх портын цуглуулгыг татаж аван сүүлд орсон өөрчлөлтүүдийг мөн шинэчилдэг.

Portsnap арга

Portsnap нь портын цуглуулгыг шинэчлэх бас нэг арга билээ. Portsnap-г хэрэглэх нь хэсгээс Portsnap-тай холбоотой бүх мэдээллийг харна уу.

  1. Шахсан хэлбэртэй портын цуглуулгыг /var/db/portsnap сан дотор татаж авах хэрэгтэй. Хэрэв та хүсвэл энэ алхмын дараа интернэтээс салгаатай ажиллаж болдог.

    # portsnap fetch
    
  2. Хэрэв та Portsnap-г анх удаагаа ажиллуулж байгаа бол шахагдсан уг цуглуулгыг /usr/ports сан дотор задална:

    # portsnap extract
    

    Хэрэв та өмнө нь /usr/ports сан дотор цуглуулгыг суулгасан бөгөөд энэ үед зөвхөн шинэчлэхийг хүсэж байгаа бол дараах тушаалыг өгөх хэрэгтэй:

    # portsnap update
    

Sysinstall арга

Энэ арга нь суулгацын төхөөрөмжөөс sysinstall-г ашиглан портын цуглуулгыг суулгах арга юм. Гэхдээ тухайн төхөөрөмж дээр байгаа цуглуулга нь тухайн хувилбарыг гаргасан өдрийн хувилбартай байдгийг анзаарах хэрэгтэй. Хэрэв танд интернэт холболт байдаг бол дээр өгүүлсэн хоёр аргыг урьтал болгох нь зүйтэй.

  1. root эрхээр ороод sysinstall гэсэн тушаал өгөх хэрэгтэй:

    # sysinstall
    
  2. Configure гэдгийг сонгоод Enter товч дарна.

  3. Distributions цэсийг сонгоод Enter дээр дарна.

  4. ports гэж сонгон Space товч дээр дарах хэрэгтэй.

  5. Дээр буй Exit гэдгийг олж сонгон Enter дээр дарна.

  6. CDROM юм уу FTP гэх мэт суулгах төхөөрөмжөө сонгоно.

  7. Дээр буй Exit цэсийг сонгоод Enter дээр дарна.

  8. X дээр дарж sysinstall-с гарах болно.

4.5.2 Порт суулгах нь

Портын цуглуулгын талаар яриа хийхийн өмнө портын “skeleton буюу араг яс”ны талаар ойлголт авах хэрэгтэй. Хамгийн энгийн ойлголтоор бол энэ нь FreeBSD системд програмыг цэвэрхэн хөрвүүлээд суулгахыг зааварласан товч заавар байдаг. Порт болгоны араг яс дараах зүйлсийг агуулж байдаг:

Зарим портууд pkg-message гэх мэтийн өөр файлууд агуулж байдаг. Портын систем нь онцгой тохиолдолд уг файлуудтай хандаж тухайн портод харгалзах үйлдлүүдийг хийх болно. Хэрэв та ийм файлуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл мөн портын тухай үндсэн ойлголт авахыг хүсвэл FreeBSD порт бүтээгчийн гарын авлага хуудаснаас харна уу.

Порт дотор програмын эх бичлэгийг хэрхэн хөрвүүлж бүтээх тухай заавар байдаг болохоос уг програмын эх бичлэг нь байдаггүй. Та уг програмын эх бичлэгийг CD-ROM эсвэл интернэтээс уг зохиогчийнх нь гаргасан хэлбэрээр татаж авч болно. Голдуу эх бичлэгүүд нь tar болон gzip шахалтаар шахаж бэлдсэн байдаг боловч заримдаа өөр төрлийн хэрэгсэл ашиглан шахсан тохиолдол тулгарч магадгүй. Ямар ч хэлбэрээр програмын эх бичлэгийг авсан байг, түүнийг “distfile” гэж нэрийддэг. Доор FreeBSD порт суулгах хоёр аргыг танилцуулж байна.

Note: Порт суулгахын тулд та root эрхэнд сэлгэсэн байх ёстой.

Warning: Ямар нэгэн портыг суулгахаасаа өмнө портынхоо цуглуулгыг та шинэчилсэн байх хэрэгтэй бөгөөд http://vuxml.freebsd.org/ хуудсанд тухайн порттой холбоотой аюул нууцлалын тухай сэдэв хөндөгдсөн эсэхийг шалгах хэрэгтэй.

Ямар ч порт суулгахаасаа өмнө аюулгүйн нууцлалын хувьд сул тал буй эсэхийг portaudit-р автоматаар шалгаж болно. Энэ хэрэгслийг портын цуглуулга дотор олох боломжтой (ports-mgmt/portaudit). Шинэ портыг суулгахаасаа өмнө portaudit -F гэж ажиллуулснаар аюулгүйн нууцлалд гарсан сул тал нүхнүүдийн тухай мэдээллийн өгөгдлийн баазаас мэдээллүүдийг авч нөхөлт хийдэг. Аюулгүйн нууцлалын мэдээллийн өгөгдлийн баазын шинэчлэх явц өдөр болгон давтагдаж хийгдэх болно. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг portaudit(1) болон periodic(8) хуудаснаас харна уу.

Портын цуглуулга таныг интернэт холболттой гэж авч үздэг. Хэрэв танд интернэт холболт байхгүй бол distfile файлуудыг /usr/ports/distfiles санд хуулах хэрэгтэй.

Эхлэхийн өмнө суулгах гэж буй портын санд орох хэрэгтэй:

# cd /usr/ports/sysutils/lsof

Тэгээд lsof санд орсон хойноо уг сан дотор та тухайн портын араг ясыг харах болно. Дараагийн алхам бол портыг хөрвүүлэх буюу “бүтээх” билээ. Ингэхийн тулд тушаал бичих мөрөнд make гэж бичнэ. Ингэж гүйцэтгэсний дараа дараах маягийн явцын мэдээллийг та харах болно:

# make
>> lsof_4.57D.freebsd.tar.gz doesn't seem to exist in /usr/ports/distfiles/.
>> Attempting to fetch from ftp://lsof.itap.purdue.edu/pub/tools/unix/lsof/.
===>  Extracting for lsof-4.57
...
[extraction output snipped]
...
>> Checksum OK for lsof_4.57D.freebsd.tar.gz.
===>  Patching for lsof-4.57
===>  Applying FreeBSD patches for lsof-4.57
===>  Configuring for lsof-4.57
...
[configure output snipped]
...
===>  Building for lsof-4.57
...
[compilation output snipped]
...
#

Хөрвүүлэлт дуусаад та буцаад тушаал бичих мөрөнд ирэнгүүт хийх ёстой дараагийн алхам бол портыг суулгах билээ. Ингэхийн тулд таны хийх ёстой зүйл бол make тушаалыг өөр нэг үгтэй хамт бичих ёстой бөгөөд тэр үг нь install юм:

# make install
===>  Installing for lsof-4.57
...
[installation output snipped]
...
===>   Generating temporary packing list
===>   Compressing manual pages for lsof-4.57
===>   Registering installation for lsof-4.57
===>  SECURITY NOTE: 
      This port has installed the following binaries which execute with
      increased privileges.
#

Ингээд тушаал бичих мөр боломжтой болонгуут суулгасан портоо ажиллуулах боломжтой болдог. Бид нарын жишээ авч суулгасан lsof програм нь нууцлалын давуу эрх шаарддаг болохоор аюулгүйн нууцлалын анхааруулга харуулагддаг. Порт суулгах үед хэрэв анхааруулга харуулагдваас түүнийг тун анхааралтай уншиж ойлгох хэрэгтэй.

Програмыг хөрвүүлж бүтээхэд хэрэглэгдсэн түр файлуудыг хадгалсан дэд сангуудыг устгах нь зүйтэй. Энэ нь дискний зайг хэмнэхээс гадна тухайн портыг шинэчлэх үед алдаа гаргуулахгүй маш сайн зуршил юм.

# make clean
===>  Cleaning for lsof-4.57
#

Note: Та make, make install мөн make clean гэсэн дамжлагуудыг make install clean гэж товчилж бичиж болно.

Note: Зарим shells буюу бүрхүүлийн орчнууд нь PATH орчны хувьсагч дотор буй сангууд доторх ачаалагдаж болдог програмуудын тушаалын хайлтыг түргэвчлэх зорилгоор түр хадгалагчид хадгалсан байдаг. Та хэрэв ийм төрлийн бүрхүүлийн орчин ашиглаж байгаа бол порт суулгасны дараа rehash тушаалыг хэрэглэн портын ачаалагдах файлыг бүрхүүлийн таних сан дотор нэмдэг. Энэ тушаал нь tcsh маягийн бүрхүүлд ажилладаг. sh төрлийн бүрхүүлд hash -r гэж ашигладаг. Тухайн бүрхүүлд хамаатай нэмэлт мэдээллийг нь харна уу.

FreeBSD Mall зэрэг зарим гуравдагчдын гаргасан DVD-ROM дээр distfiles файлууд агуулагдсан байдаг. Тэдгээрийг портын цуглуулганд хэрэглэж болно. DVD-ROM-г /cdrom санд таниулж холбоно. Хэрэв та өөр санд холбосон бол уг сангийн нэрийг CD_MOUNTPTS орчны хувьсагчид зааж өгөөрэй. Шаардлагатай distfiles файлууд нь дискнээс автоматаар хэрэглэгддэг.

Note: Зарим нэг цөөн тооны портуудын лицензийг нь анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн портуудын эх бичлэг нь CD-ROM дээр байдаггүй. Тэдгээрийг татаж авах юм уу цааш нь түгээхийн тулд ямар нэгэн гэрээ бөглөх илгээх ёстой болдог. Хэрэв таны суулгах порт CD-ROM дээр байхгүй байгаа бол интернэт рүү орон хэлсний дагуу гүйцэтгэх хэрэгтэй.

Портын систем нь fetch(1) хэрэгслийг ашиглан файлуудыг татаж авдаг. Уг хэрэгсэл нь FTP_PASSIVE_MODE, FTP_PROXY, мөн FTP_PASSWORD гэх мэтчилэн төрөл бүрийн орчны хувьсагчдыг ашиглаж ажилладаг. Хэрэв та галт хана юм уу FTP/HTTP прокси хэрэглэдэг бол эдгээр хувьсагчдад тохирох утгыг нь зааж өгөх хэрэгтэй. fetch(3) хуудаснаас хувьсагчдын бүрэн жагсаалтыг харна уу.

Интернэтэд байнга холбогддоггүй хэрэглэгчдэд зориулж make fetch тушаал байдаг. Уг тушаалыг портын дээд сан (/usr/ports) дотор гүйцэтгэхэд шаардагдах бүх файлуудыг татаж авдаг. Уг тушаалыг мөн /usr/ports/net гэх зэргийн дэд сан дотор гүйцэтгэж болно. Хэрэв тухайн порт өөр сан юм уу портоос хамаардаг бол fetch гүйцэтгэл нь тэдгээр хамаарлыг нь нөхөж татдаггүйг анхаараарай. Харин fetch гэдгийг fetch-recursive гэж орлуулснаар тухайн портын хамааралтай порт болон сангуудыг давхар татаж авдаг.

Note: Та бүх портуудыг хөрвүүлж бүтээнэ гэвэл make тушаалыг make fetch тушаалыг тайлбарласан шиг дээд санд гүйцэтгэж болдог. Гэвч зарим порт байхгүй тохиолдолд ийм үйлдэл бол аюултай. Мөн зарим портууд хоёр өөр файлыг нэг нэрээр суулгах хүндрэл гаргаж болзошгүй.

Мөш цөөхөн тохиолдолд хэрэглэгчид MASTER_SITES (татаж авах файлуудын байршил) хаягнаас өөр байршил ашиглан эх файлуудыг татаж авах шаардлага гарч болох юм. Ийм үед MASTER_SITES хувьсагчийн утгыг дараах тушаалаар өөрчилдөг:

# cd /usr/ports/directory
# make MASTER_SITE_OVERRIDE= \
ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ports/distfiles/ fetch

Энэ жишээн дээр бид MASTER_SITES-н утгыг ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ports/distfiles/ гэж өөрчиллөө.

Note: Зарим порт нь өөрийнхөө зарим хэсгийг шаардлагагүй гэж үзэх тохиолдолд, эсвэл аюулгүйн нууцлалын шалтгаанаар ч юм уу өөрчлөлт хийх боломж (эсвэл шаарддаг) өгдөг. www/mozilla, security/gpgme, мөн mail/sylpheed-claws зэргүүдийг жишээ болгож болох юм. Иймэрхүү мэдэгдлүүд байвал тухайн үед танд харуулагдах болно.

4.5.2.1 Портын анхдагч санг дарж бичих

Заримдаа портыг хөрвүүлэх болон суулгах өөр санг хэрэглэх нь хэрэгтэй (онц шаардлагатай) байдаг. WRKDIRPREFIX болон PREFIX хувьсагчдын утгыг өөрчилж анхдагч сангийн байршлыг сольдог. Жишээ нь:

# make WRKDIRPREFIX=/usr/home/example/ports install

гэсэн тушаал нь портыг /usr/home/example/ports сан дотор хөрвүүлээд хөрвүүлэгдэж бүтээгдсэн файлуудыг /usr/local санд суулгадаг.

# make PREFIX=/usr/home/example/local install

гэсэн тушаал нь портыг /usr/ports санд хөрвүүлж бэлдээд /usr/home/example/local санд суулгана.

Мэдээж

# make WRKDIRPREFIX=../ports PREFIX=../local install

гэж хоёр хувьсагчийг хослуулан хэрэглэж бас болно (танд зөвхөн ерөнхий ойлголт өгөх зорилгоор урт мөрийг товчилж харуулсан билээ).

Мөн та уг хувьсагчдыг өөрийнхөө орчны хувьсагч болгож зарлаж болно. Тухайн бүрхүүлийнхээ орчны тухай зааврыг эхлээд уншиж танилцах нь зүйтэй.

4.5.2.2 imake-г хэрэглэх

Зарим порт imake-г хэрэглэдэг ( X цонхот системийн хэсэг) бөгөөд PREFIX хувьсагч ашиглалгүй /usr/X11R6 санд суулгадаг. Үүнтэй ижил зарим Perl портууд PREFIX хувьсагч хэрэглэлгүй Perl-н санд суулгадаг. Эдгээр портуудыг PREFIX хувьсагчтай хамтран ажиллуулж энэ хувьсагчийг ойлгож хүндэтгэдэг болгоно гэдэг бол тун хэцүү бөгөөд бараг боломжгүй ажил юм.

4.5.2.3 Портуудыг дахин тохируулах нь

Тухайн портуудыг бүтээж байхад чинь танд бүтээх тохируулгуудаас сонгож болох ncurses дээр тулгуурласан цэс харуулагддаг. Портыг нэгэнт бүтээсний дараа тэдгээр тохируулгуудыг нэмэх, хасах, эсвэл өөрчлөхийн тулд энэ цэсэнд дахин орохыг хүсэх нь хэрэглэгчдийн хувьд тийм ч нийтлэг биш юм. Үүнийг хийх олон аргууд байдаг. Нэг арга нь портыг агуулж байгаа сан уруу ороод урьдын адил тохируулгуудыг сонгосон хэвээр байгаа цэсийг дахин харуулах make config гэж тушаалыг ажиллуулах явдал юм. Өөр нэг арга нь портын хувьд бүх тохиргооны сонголтуудыг харуулах make showconfig тушаалыг ашиглах явдал юм. Бас нэг өөр арга нь бүх сонгогдсон тохируулгуудыг арилгаад танд дахин эхлэх боломж олгох make rmconfig тушаалыг ажиллуулах явдал юм. Эдгээр бүх аргууд болон бусдын талаар ports(7) гарын авлагын хуудсанд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

4.5.3 Суугдсан портыг устгах нь

Та одоо портыг хэрхэн суулгах талаар мэдсэн юм чинь хэрэв буруу портоо суулгасан бол түүнийг хэрхэн утсгадаг талаар мэдэхийг хүсэж байгаа байх. Өмнөх жишээнд суулгасан портоо бид устгацгаая (анхааралгүй уншсан нэгэнд нь lsof програм гэж сануулъя). Портууд багцтай ижилхэн pkg_delete(1) тушаалаар устгагдаж болно ( Багц сонголт хэсэгт тайлбарласан буй):

# pkg_delete lsof-4.57

4.5.4 Порт шинэчлэх

Хамгийн түрүүнд pkg_version(1) тушаал ашиглан портын цуглуулгаас шинэ хувилбар агуулсан портуудыг жагсаах хэрэгтэй:

# pkg_version -v

4.5.4.1 /usr/ports/UPDATING

Портыг шинэчлэхээсээ өмнө портын цуглуулгаа шинэчлээд /usr/ports/UPDATING файлыг шалгана. Энэ файл дотор портыг шинэчлэхэд шаардагдах үйлдлүүд болох өөрчлөгдсөн төрөл, тохируулгын өөрчлөлт, эсвэл өмнөх хувилбартайгаа зөрчилдөх хэсгүүд гэх мэтийн чухал мэдээллүүд агуулагдаж байдаг.

Хэрэв UPDATING файлд саяны таны уншсан зүйлүүдээс өөр юм агуулагдаж байвал уг файлд буй зааврыг дагах нь зүйтэй.

4.5.4.2 Portupgrade ашиглан порт шинэчлэх нь

portupgrade хэрэгсэл нь портыг амархан шинэчлэхэд зориулагдсан. Үүнийг ports-mgmt/portupgrade портоос суулгаж болно. Бусад портын нэгэн адил порт суулгадаг журмаар make install clean гэсэн тушаалаар суулгадаг:

# cd /usr/ports/ports-mgmt/portupgrade
# make install clean

Суугдсан портын жагсаалтыг pkgdb -F тушаал ашиглан шалгаад үр дүнгийн мэдээлэлд байгаа зөрчлүүдийг нь залруулж засах хэрэгтэй. Шинэчлэл хийхээсээ өмнө ингэж зөрчлүүдийг арилгах нь тун сайн санаа билээ.

Хэрэв та portupgrade -a гэж ажиллуулбал таны системд суугдсан бүх хуучирсан портуудыг portupgrade шинэчилж эхэлдэг. Хэрэв та суугдах шинэчлэл болгонд лавлаж асуух үйлдэл хийлгэхийг хүсвэл -i сонголт нэмээрэй.

# portupgrade -ai

Хэрэв та бүх шинэчлэгдэх порт биш харин зөвхөн тодорхой нэгэн портыг шинэчлэх хүсэлтэй бол portupgrade багцны-нэр гэж бичнэ. -R сонголт нэмснээр тухайн програмд шаардагдах портуудыг portupgrade эхлээд нь шинэчлэдэг.

# portupgrade -R firefox

Портын оронд багц хэрэглэж суулгахыг хүсвэл -P сонголт хэрэглэнэ. Энэ сонголттой үед portupgrade нь PKG_PATH хувьсагчид зааж өгсөн жагсаалтад буй сан дотроос багцуудыг хайх ба хэрэв уг санд байхгүй байгаа бол сүлжээнээс татаж нөхдөг. Хэрэв дотоод сан болон сүлжээнээс багц олдоогүй тохиолдолд portupgrade нь портоор суулгахыг оролдох болно. Порт хэлбэрээр суулгах үйлдлийг зогсоохын тулд -PP сонголтыг нэмж өгдөг.

# portupgrade -PP gnome2

Хэрэв хөрвүүлж суулгалгүйгээр зөвхөн distfiles файлыг татаж авах (хэрэв -P сонголттой бол багц файлыг ) шаардлагатай бол -F сонголтыг ашиглаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг portupgrade(1) хэсэгт харна уу.

4.5.4.3 Portmanager ашиглан портыг шинэчлэх нь

Portmanager бол портыг суулгаж шинэчлэхийг амарчилсан өөр нэг хэрэгсэл билээ. Үүнийг ports-mgmt/portmanager портноос суулгаж болно:

# cd /usr/ports/ports-mgmt/portmanager
# make install clean

Бүх суугдсан портууд дараах энгийн тушаалаар шинэчлэгдэж болдог:

# portmanager -u

Та мөн -ui сонголт нэмснээр Portmanager-н гүйцэтгэх алхам бүрийг лавлах асуух хэлбэрт оруулан хянаж болдог. Portmanager-г ашиглан системд шинэ портыг суулгаж болно. make install clean гэсэн ердийн тушаалаас ялгаатай нь тухайн сонгосон портыг суулгахаасаа өмнө түүнд хамааралтай бүх портуудыг шинэчлэдэг.

# portmanager x11/gnome2

Хэрэв сонгосон портын хамааралтай портод ямар нэгэн хүндрэл гарвал Portmanager-г тэр хүндрэл гарсан портоос эхлэн дахин шинээр хөрвүүлж бэлд гэж зааж өгч болдог. Ингэсэн үед хүндрэл гаргасан портыг эхлэж хөрвүүлээд дараа нь портоо шинэчлэх явцаа цааш нь үргэлжлүүлдэг.

# portmanager graphics/gimp -f

Дэлгэрэнгүй мэдээллийг portmanager(1)-с харна уу.

4.5.4.4 Portmaster ашиглан портыг шинэчлэх нь

Portmaster нь “үндсэн” системд байдаг (бусад портуудаас хамаардаггүй) хэрэгслүүдийг ашиглахаар хийгдсэн бөгөөд аль портыг шинэчлэхээ тогтоохын тулд /var/db/pkg/ сан доторхийг ашигладаг. Тэрээр ports-mgmt/portmaster порт хэлбэрээр байдаг:

# cd /usr/ports/ports-mgmt/portmaster
# make install clean

Portmaster нь портуудыг дөрвөн төрөлд бүлэглэдэг:

  • Root буюу язгуур портууд (хамаарсан портууд байхгүй, бусдаас хамаардаггүй)

  • Trunk буюу гол портууд (хамаарсан портууд байхгүй, бусдууд хамаардаг)

  • Салбар портууд (хамаарсан портуудтай, бусдууд хамаардаг)

  • Навч портууд (хамаарсан портуудтай, бусдаас хамаардаггүй)

Та суулгагдсан бүх портуудыг жагсааж болох бөгөөд -L тохируулга ашиглан шинэчлэлт байгаа эсэхийг хайж болно:

# portmaster -L
===>>> Root ports (No dependencies, not depended on)
===>>> ispell-3.2.06_18
===>>> screen-4.0.3
        ===>>> New version available: screen-4.0.3_1
===>>> tcpflow-0.21_1
===>>> 7 root ports
...
===>>> Branch ports (Have dependencies, are depended on)
===>>> apache-2.2.3
        ===>>> New version available: apache-2.2.8
...
===>>> Leaf ports (Have dependencies, not depended on)
===>>> automake-1.9.6_2
===>>> bash-3.1.17
        ===>>> New version available: bash-3.2.33
...
===>>> 32 leaf ports

===>>> 137 total installed ports
        ===>>> 83 have new versions available

Бүх суулгагдсан портуудыг энэ хялбар тушаал ашиглан шинэчилж болно:

# portmaster -a

Note: Анхдагчаар Portmaster нь байгаа портыг устгахаасаа өмнө нөөц багц үүсгэдэг. Хэрэв шинэ хувилбар суулгалт амжилттай болсон бол Portmaster нөөц багцыг устгана. -b сонголтыг ашиглаж Portmaster-т нөөцийг автоматаар устгахгүй байхыг тушаана. -i сонголтыг ашигласнаар порт бүрийг шинэчлэхээс өмнө асууж лавлан Portmaster-ийг интерактив горимд эхлүүлнэ.

Хэрэв шинэчлэх процессийн явцад алдаа гарвал та бүх портыг шинэчлэх буюу дахин бүтээхийн тулд -f-г ашиглаж болно:

# portmaster -af

Шинэ порт бүтээж суулгахаасаа өмнө бүх хамааралтай портуудыг шинэчилж Portmaster-ийг системд шинэ порт суулгахдаа та бас ашиглаж болно:

# portmaster shells/bash

Дэлгэрэнгүй мэдээллийг portmaster(8)-с үзнэ үү.

4.5.5 Порт ба дискний хэмжээ

Портын цуглуулга нь дискний хэмжээг байнга идэж байдаг. Портоос програмыг хөрвүүлж суулгасны дараа бэлдэж байсан work санг make clean тушаалаар цэвэрлэхээ үргэлж санах хэрэгтэй. Та портын цуглуулгыг бүхлээр нь дараах тушаалаар цэвэрлэж болно:

# portsclean -C

Маш олон эх файлууд distfiles санд явцын үр дүнд хадгалагдаж байдаг. Та тэдгээрийг гар аргаар устгаж болох ба дараах тушаал хэрэглэн ямар нэгэн порттой холбоогүй болсон бүх distfiles устгаж болно:

# portsclean -D

Эсвэл таны системд одоо суугдсан байгаа порттой хамаагүй бүх distfiles-уудыг дараах тушаалаар устгана:

# portsclean -DD

Note: portsclean хэрэгсэл нь portupgrade програмын нэг бүрдэл хэсэг.

Суулгасан портоо хэрэглэхгүй болсон үедээ устгахаа мартаж болохгүй. Иймэрхүү автоматжуулалтыг гүйцэтгэдэг эвтэйхэн програм бол ports-mgmt/pkg_cutleaves порт билээ.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.